Францчууд Исландыг бут ниргэж, хагас шигшээд шалгарлаа
Евро-2016 тэмцээний 1/8 шигшээгийн сүүлийн тоглолт зохион байгуулагч орон Франц болон Исландын шигшээ багуудын хооронд явагдаж талбайн эздийн итгэл төгс ялалтаар өндөрлөлөө.
Тоглолтын 12 дахь минутанд Оливье Жиру гоолын салхийг хагалсан бөгөөд 1-р үе дундаа ороход Поль Погба гоолдож тооны харьцаа 2:0 болсон байлаа.
1-р үеийн сүүлийн 3 минутанд Францчууд ахин 2 ч бөмбөг оруулж амжсан бөгөөд энэ удаа онооны самбарт Димитри Пайет, Антуан Гризманн нар нэрээ бичүүлжээ.
Харин тоглолтын 56 дахь минутанд Колбейн Сигторссон нэр төрийн гоол оруулсан ч энэ нь удаан үргэлжилсэнгүй үүнээс ердөө 3-хан минутын дараа Жиру 2 дахь бөмбөгөө хийсэн байна.
Тоглолтын үндсэн цагийн төгсгөлд Биркир Бьярнасон Исландчуудын 2 дахь гоолыг оруулснаар тоглолт 5:2-ийн харьцаатай Францын багийн ялалтаар өндөрлөжээ.
Ялалт байгуулсан Францчууд хагас шигшээд Германы багтай 7 сарын 7-нд тоглоно.
Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа