"Аваргуудын лигийн дүрмэнд өөрчлөлт орж байна."

Европын хөлбөмбөгийн холбооноос аваргуудын лигийн сугалааны өмнөх сагсны хуваарилалтанд өөрчлөлт оруулж байгаа юм байна. Та бидний мэдэж байгаачлан Аваргуудын лигийн хэсгийн сугалааг тэнцвэртэй, шударга явуулах үүднээс оролцогч багуудын аваргуудын лиг болон Европа лиг дэхь өмнөх улирлуудын амжилтыг харгалзан үзэж тус тус оноо олгодог бөгөөд уг оноон дээр нь үндэслэн тэдгээр багуудыг 4 сагсанд хуваадаг байсан билээ. Гэхдээ энэ хуваарилалт нь үнэндээ шударга бус болж байгаад гайхах хүн олширч байсан юм.

/Энэ жилийн хувьд аваргуудын лигт оролцох 32 багийг дараах байдлаар 4 сагсанд хуваасан/

http://ball.mn/media/ball/content/nba/%D0%B7%D2%AF%D1%8D%D1%8D%D1%8D.jpg

Харин энэ байдлыг Европын хөлбөмбөгийн холбооноос өөрчилснөөр, Европын ТОП-7 лигийн ялагчид болон аваргуудын лигийн аварга нь эхний сагсанд багтах болсон байна.

Өөрөөр хэлбэл шинэчилсэн дүрмээр дараах байдлаар эхний сагсны багууд тодорно гэсэн үг. . Жишээ байдлаар өнгөрсөн улирлынхаар харууллаа.

1 Испани - Атлетико

2 Англи - Mанчестер Сити

3 Герман - Байерн Мюнхэн

4 Португал - Бенфика

5 Итали - Ювентүс

6 Орос - ЦСКА Москва

7 Франц - ПСЖ

8 Аваргуудын лигийн аварга - Реал Мадрид

Ингэснээр Манчестер Сити мэт лигтээ түрүүлсэн клуб 2-р сагсанд орж, үхлийн хэсэгт багтах азгүйдэл арилж байгаа юм. Эсрэгээрээ лигтээ түрүүлээгүй хэрнээ эхний сагсанд багтдаг Арсенал зэрэг багуудын 1-р сагсанд багтах тохиолдол алга болох юм.

Энэ талаар UEFA-гийн нарийн бичгийн дарга Инфанито : " Сүүлийн хэдэн жилд ялангуяа Лигийнхээ ялагч болсон баг хамгийн сайн зэрэглэлд орохгүй байх тохиолдлыг ойлгоход хүнд байсан байх. Ийм зүйл Франц, Англид тохиож байсан шүү дээ. Хүмүүсийн хувьд улсынхаа аварга болсон баг яагаад улсынхаа лигийн 3-рт орсон багаас доогуур сагсанд ордог талаар ойлгоход хүндрэлтэй байсан. Хөлбөмбөг бол хожлын төлөөх л спорт. Иймээс тэдгээр улсынхаа аварга болсон багуудад онцгой эрх өгөх нь шударга зүйл гэж би бодож байна." гэжээ.

Шинэ дүрэм ирэх улирлын аваргуудын лигээс эхлэн хэрэгжих юм байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

10.10
2014
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 10657